Image placeholder

Эрдэнэс Монголын “барьцгүй өсөлт” нь монголчуудад өгөөжтэй юу?

English »

Монгол Улсын уул уурхайн салбарын үр өгөөжийг монгол хүн бүр хүртэх ёстой гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Уул уурхайн салбар ажлын байрыг нэмэгдүүлж, бизнесийг өсгөхөөс гадна тус салбараас орж ирж буй их хэмжээний орлого нь сургууль, эмнэлэг, сэргээгдэх эрчим хүч, өндөр хурдтай интернэт болон хөгжингүй нийгмийг бий болгоход зориулагдан зарцуулагдах учиртай. Ингэснээр Монгол Улс хүн бүрийн ая тухтай, амар тайван амьдрах газар болох боломжтой.

Монгол Улсын төрийн өмчит уул уурхайн хамгийн том компани болох Эрдэнэс Монгол энэхүү алсын харааны гол хэсэг нь билээ. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тус компани стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг хувийн хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг зорилготой ажиллаж ирсэн. Өнөөдөр Эрдэнэс Монгол компани Монгол Улсын эрдэс баялгийн үйлдвэрлэлийн арав орчим хувийг хянадаг. Үүнд Таван толгойн нүүрсний уурхай, Оюу толгойн зэсийн уурхай гол үүрэгтэй бөгөөд цаашид уран, алт зэрэг бусад эрдэс баялгийг ашиглахаар судалж байгаа.

Гэвч тус компанийн нөлөөлөл нь эрдэс баялгийн салбараас хол халин гарсан билээ. Хүмүүс тэр бүр мэддэггүй ч өнөөдөр Эрдэнэс Монгол компани Монгол Улсын аж үйлдвэрийн өөрчлөлтийг жолоодож буй компаниудын нэг болоод байна.

Эхэндээ тус компани уул уурхайн үндсэн чиг үүрэгтээ голлон анхаарч байв. Гэвч Эрдэнэс Монгол компани эдийн засгийн шинэ салбарууд руу орж, өргөжин тэлсээр байна. Одоогийн байдлаар тус компани авто зам, хил нэвтрүүлэх байгууламж, зочид буудал, ресторан, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, худалдааны сурталчилгаа, хөрөнгийн менежментийн салбарт охин эсхүл хувийн хэвшилтэй хамтарсан компани байгуулсаар байна. Ихэнх охин компаниуд 2016 оноос хойш байгуулагдсан байдаг.

Эдгээр хөрөнгө оруулалт Монголын ард иргэдэд үнэ цэнээ өгч чадах эсэх нь тодорхойгүй. Наанадаж Эрдэнэс Монгол компани юунд хөрөнгө оруулалт хийж болох тухай шалгуур, мөн тус компанийн менежерүүд аль хөрөнгө оруулалт оновчтой болохыг шийдэхэд удирдлага болох тогтолцоо алга байна. Юу тодорхой байна вэ гэхээр энэхүү бизнесийн шинэ төслүүд нь төрийн өмчит компанид улсын төсөвт ашиг хуваарилахаас илүүтэйгээр аж үйлдвэрийн төслүүдэд хөрөнгө оруулах боломжийг олгож буй төр засгийн сонголтын илрэл болж байна.

Ийм нөхцөл байдалд олон асуулт урган гарна. Эрдэнэс Монгол эдгээр төслүүдэд хөрөнгө оруулах хэрэгтэй юу, эсхүл энэ мөнгийг боловсрол, эрүүл мэнд зэрэг чухал салбарт төсвөөр дамжуулан зарцуулах ёстой юу? Энэ олон чиглэлээр ажиллах туршлага, ур чадвар тус компанид бий юу? Тухайн чиглэлээр ажиллахад илүү тохиромжтой төрийн эсхүл хувийн өмчит өөр компани байгаа юу?

Эрдэнэс Монгол компани ийнхүү огцом өсөн тэлж буйтай холбоотой өөр нэг сорилт бол ашигт ажиллагаа хангалтгүй байгаа явдал юм. Эрдэнэс Монгол анх байгуулагдсанаасаа хойш зөвхөн сүүлийн гурван жилд буюу 2016-2018 онд нийт 41 тэрбум төгрөг (16.3 сая доллар)-ийн ашигтай ажилласан нь чамлалттай дүн бол 2017 оны эцсийн байдлаар 877 тэрбум төгрөгийн өр төлбөр хуримтлуулаад байна.
Эрдэнэс Монгол илүү ашигтай ажиллах боломжтой. Компанийн хяналт, аудит хангалтгүйн улмаас зардал нэмэгдсэн байх магадлалтай. Таван толгойн уурхайгаас Хятад руу тээвэрлэх нүүрсний хэмжээнээс орлого шууд хамааралтай тул нүүрсний үнийн огцом уналт компанийг буцаагаад алдагдалтай болгох эрсдэлтэй. Тус компани анхаарлаа өөрийн анхдагч үйл ажиллагаандаа дахин төвлөрүүлэх боломжтой хэдий ч Засгийн газар шинээр солигдох бүрд төлөөлөн удирдах зөвлөлийн болон дээд шатны удирдлагуудын халаа сэлгээ их явагддаг нь тууштай бодлого явуулахад хүндрэл учирсаар байх болно.

Гэхдээ ашиг өндөр байсан ч Эрдэнэс Монгол болон түүний охин компаниуд төрийн сан хөмрөгт ногдол ашиг тогтмол төлөхгүй байх магадлалтай. Одоогоор охин компаниуд ашгийнхаа хэдэн хувийг толгой компанид төлөх, толгой компани ашгийнхаа ямар хэсгийг төрийн санд тушаахыг зохицуулсан дүрэм журам байхгүй. Үүнтэй харьцуулахад, Хятадын Шэнхуа Энержи, Энэтхэгийн Коул Индиа, Индонезийн Антам гэх мэт тус бүс нутгийн төрийн өмчит уул уурхайн ихэнх компаниуд ашгийнхаа 30-100 хувьтай тэнцэх хэмжээний ногдол ашгийг төрийн сандаа тогтмол төлж байгаа нь жилээс жилд хэдэн зуун сая, цаашилбал хэдэн тэрбум доллароор хэмжигдэж байна.

Ийнхүү үр ашиг хангалтгүй байгаагийн төлөөсийг монголчууд үүрч байна. Зардал өндөр байхтай холбоотойгоор алдагдсан төгрөг болгон, компанийн зүгээс дахин хөрөнгө оруулалтад зарцуулсан төгрөг бүрийн цаана төсвөөр дамжуулан нийгмийн үйлчилгээ болон дэд бүтцэд зарцуулах хөрөнгө нэг төгрөгөөр хорогдож байдаг.

Эрдэнэс Монголыг эрдсийн бүтээгдэхүүний үнэ өндөр биш байх үед ч Монгол Улсын Засгийн газарт үр өгөөжөө өгдөг, амжилттай компани болгож өөрчлөхийн тулд шинэчлэл хийх шаардлагатай. Бидний саяхан нийтэлсэн “Барьцгүй өсөлт” тайланд зарим шинэчлэлийг санал болгосон. Үүнд: (1) Төрийн өмчит компанийн тухай эсхүл Эрдэнэс Монголын тухай шинэ хууль гаргаж, компанийн зорилгыг тодорхой болгож, хөрөнгө худалдан авах болон борлуулах удирдамжаар хангаж, компанийн засаглал болон хяналтыг тодруулах; (2) Бизнесийн оршин тогтнох боломж, стратегийн ач холбогдол зэрэг нөхцөлүүдийг тооцон төсөл тус бүрийн үнэлгээ хийж, үүнд үндэслэн компанийн бүтцийг өөрчлөх; (3) Охин компани байгуулах бодлогыг тодорхой болгох; (4) Төлөөлөн удирдан зөвлөлийн гишүүд болон менежерүүдийг томилох тодорхой шалгуур тогтоож, томилгоог нээлттэй явуулах; (5) Аудит болон олон нийтийн тайлагналыг нэн ялангуяа охин болон хамтарсан компаниудын хувьд сайжруулах.
 
Эдгээр шинэчлэлийг хийснээр Эрдэнэс Монгол компани бүх монголчуудын эрх ашигт үйлчилж, бүгдэд үр шимээ өгч, амжилтад хүрсэн үндэсний уул уурхайн компани болно гэдэгт бид итгэж байна.
 
Эндрю Бауэр нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн зөвлөх, Н. Дорждарь нь тус байгууллагын Монгол Улс дахь менежер юм.
Countries
Mongolia
Regions
Asia-Pacific