Монголын уул уурхайн төслийн шийдвэр гаргах процессын авлигын эрсдэлийн зохицуулалтын үнэлгээ
Уул уурхайн салбарт гаднын хөрөнгө оруулалтыг татах гол хөшүүрэг нь уул уурхайн төслийн бүх үе шатны үйл явц нь нээлттэй, ил тод, хөрөнгө оруулагчдад хууль, эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлсэн байх явдал юм. Энэ зорилгын хүрээнд уул уурхайн төслийн эхний төлөвлөлтөөс уурхайн хаалт хүртэлх бүх үе шатуудад авлигын эрсдэлийг системтэй судалснаар авлигаас урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй арга хэмжээ авах боломжтой.
Энэхүү судалгааны зорилго нь уул уурхайн үе шатуудад авлигын эрсдэлийн үнэлгээг тодорхой чиглэлүүдээр хүчин төгөлдөр хууль эрх зүйн хүрээнд хийж түүний шалтгаан, эрсдэл, нөхцөлийг судалж, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлоход чиглэсэн болно. Судалгааны зорилгын хүрээнд уул уурхайн салбарын үйл ажиллагааг (1) тусгай зөвшөөрөл, (2) орон нутгийн хамтран ажиллах гэрээ, (3) уулын ажлын төлөвлөгөө, тайлан, (4) байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, тайлан гэсэн чиглэлүүдэд “шийдвэр гаргах процесс”-ыг зураглалаар тодорхойлж түүнд анализ, дүгнэлт хийх замаар үе шат бүрд тулгарч буй авлигын эрсдэлийг тогтоож, холбогдох жишээ, судалгаагаар баяжуулан судлаачдын дүгнэлт, санал, зөвлөмж гаргалаа.
Гол зөвлөмж:
- Уул уурхайн салбарын хууль, эрх зүйн зохицуулалтад ашиглалт, боловсруулалт, баяжуулалт буюу одоогийн хууль эрх зүйн орчинд нэлээд хэмжээгээр орхигдсон эдгээр үе шатуудыг хамруулах, ялангуяа байгаль орчин, орон нутаг, нутгийн иргэд, мэргэжлийн холбоод, төрийн захиргааны байгууллагатай харьцах талаас нь илүү нарийвчлан зохицуулах шаардлагатай гэж үзэж байна.
- Орон нутаг өөрийн оролцоо, төлөөлөл, эрх мэдлээ хангах явдлыг Засаг даргаар дамжуулан хийдэг одоогийн практикийг халж иргэдийн төлөөлөл, зөвлөлд эрх мэдлийг шилжүүлэх чиглэлийг барьж шийдвэр гаргах процесс дээр нарийвчилсан зохицуулалтыг хуулийн хүрээнд бий болгох шаардлагатай.
- Уул уурхайн салбарт хийх эрх зүйн шинэ зохицуулалтын алхмуудад ил тод байдал, олон нийтийн хяналт, цахимжуулалт зэргийг тусгахаас гадна шийдвэр гаргах процесс болон дамжлагад хүний хамаарлыг багасгах, хариуцлагын тогтолцоог шийдвэр гаргалттай уялдуулах зарчмыг барих нь зүйтэй гэж үзэж байна.
- Эдгээр өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ талуудын эрх тэгш оролцоог хангах тал дээр онцгой анхаарах шаардлагатай. Үүнд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга зэрэг олон талт механизмын үүрэг, цар хүрээг тэлж, салбарын аливаа бодлогын төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг цаг алдалгүй хэрэгжүүлэх боломжийг хангах байдлаар мэдээллийн урсгалыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь авлигын эрсдэлийг бууруулах, арилгах эхний алхам байх болно гэж үзэж байна.