Монгол Улс уул уурхай, газрын тосны гэрээг нийтэд нээлттэй болгох амлалтаа дахин баталгаажууллаа
Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ResourceContracts.mn буюу iltodgeree.mn портал сайтын албан ёсны нээлтийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Монгол Улсын уул уурхай, газрын тосны гэрээг нийтэд нээлттэй болгох амлалтыг дахин баталгаажуулж, шинээр 150 гаруй гэрээг олон нийтэд ил болгосныг зарлав. Монгол Улсад гэрээний ил тод байдлыг хангах талаар олон жил үргэлжилсэн зогсонги байдал үүссэн байсан тул энэ нь үнэхээр таатай мэдээ байв.
Эдгээр гэрээг ил болгосноор "тус салбарын хариуцлагатай байдал, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулахад томоохон хувь нэмэр оруулна" хэмээн ноён Д.Загджав мэдэгджээ.
Тэрээр мөн "бүх гэрээ, тухайлбал Засгийн газрын түвшинд байгуулагддаг хөрөнгө оруулалтын гэрээ, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ гэх мэт томоохон гэрээнээс эхлээд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс орон нутгийн захиргааны байгууллагатай байгуулдаг гэрээ”-г энэ цахим сайтад байрлуулна хэмээн тэмдэглэв.
Цахим сайтын нээлтийн өмнөхөн Засгийн газар Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС), Нээлттэй Нийгэм Форумтай хамтран ажиллаж, 162 гэрээний монгол хувилбарыг нийтлэв. Шинээр нэмэгдсэн гэрээнд хамтын ажиллагааны тав, хөрөнгө оруулалтын гурав, тогтвортой байдлын 11, нөхөн олговрын 66, ашиглалтын өмнөх 51 гэрээг тус тус орсон байна. Хамгийн чухал нь газрын тосны бүтээгдэхүүн хуваах нийт 25 идэвхтэй гэрээ буюу БХГ байгаа юм.
Хэдийгээр томоохон дэвшил гарсан ч Засгийн газрын хувьд бүх гэрээг нээлттэй болгоход нэлээдгүй ажил хийх шаардлагатай.
Жилийн эхээр бидний боловсруулсан тайланд дурдсанчлан, нийтэд ил болсон гэрээнүүдийн ихэнх нь орон нутгийн захиргаатай байгуулсан бөгөөд газар, ус ашиглалт, байгаль орчин хамгаалалт, дэд бүтцийн хөгжил болон ажил эрхлэлттэй холбоотой байна. Эдгээрийг ил болгох нь ялангуяа орон нутгийн иргэдэд тустай. Гэхдээ татвар ногдуулалтын өнцгөөс авч үзвэл хамгийн чухал гэрээ нь төв засгийн газартай байгуулсан гэрээнүүд байдаг. Энэхүү гэрээнүүдийн ихэнх нь нууц хэвээр байгаа бөгөөд зарим ил болсон гэрээний чухал мэдээлэлтэй хэсгийг хассан байна. Жишээ нь, БХГ-г нэлээд зассан бөгөөд татвар төсөвтэй холбоотой чухал мэдээллийг хассан байна.
Гэхдээ төрийнхөн дутагдал байгааг хүлээн зөвшөөрч, тэдгээр асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа нь сайшаалтай.
Монгол Улсын Засгийн газар гэрээг олон нийтэд ил болгоод зогсохгүй, гэрээг ашиглах санаачилгуудыг дэмжиж байна. Зургийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас авав.
БХГ-үүд дээрх засалт нь түр зуурынх бөгөөд Засгийн газар одоогийн БХГ-г эзэмшигчидтэй зөвшилцөлд хүрмэгц эдгээр хасалтыг арилгана хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хуулийн хэлтсийн дарга Д.Лхамжав тэмдэглэсэн. Тэрээр цааш нь хэлэхдээ БХГ-ний загвараас талууд зөвшөөрч байж гэрээг ил болгох тухай нууцлалын заалтыг хассан бөгөөд шинээр байгуулах гэрээнд оруулахгүй гэв. Учир нь БХГ-ний загвар гэдэг бол төрийн захиргааны байгууллага бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахдаа ашиглах жишиг юм.
Хамгийн чухал нь Монгол Улсын Засгийн газар гэрээг олон нийтэд ил болгоод зогсохгүй, гэрээг ашиглах санаачилгуудыг дэмжиж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 4 дүгээр сарын 23-ны өдөр болсон үйл ажиллагааны гол зохион байгуулагчаар оролцож, орон нутаг дахь хамтын ажиллагааны гэрээг хэрхэн сайжруулах талаарх хэлэлцүүлгийг удирдсан. Уг арга хэмжээнд ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл болон орон нутгийн төлөөлөл оролцсон байна.
Орон нутгийн иргэд эдгээр ил болсон гэрээг ашиглан компаниудын зүгээс амласан амлалтаа биелүүлж байгаад хяналт тавьж байгааг хэлэлцүүлгийн үеэр ярилцсан. Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих явдал нь үйл ажиллагаанд дарамт учруулахаас илүүтэйгээр орон нутагтай харилцах харилцааг сайжруулж, ажлыг нь илүү хөнгөвчилж байгаа талаар компани болон төрийн захиргааны байгууллагууд энэ үеэр мэдээлсэн байна. Гэрээний хэрэгжилтийг хянах үйл явц болон бусад чадавх бэхжүүлэх сургалтаас олж авсан гол сургамжуудын талаар Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ: Туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд бодлогын хураангуйд онцолсон. (Тайланг монгол хэлээр унших боломжтой.)
Нээлттэй засаглалын түншлэлийн хүрээнд авсан амлалт, ОҮИТБС-ыг тойрсон олон улсад өрнөж буй үйл явдал зэргийг бодолцвол гэрээний ил тод байдлын талаар хэрэгжүүлж байгаа Засгийн газрын үйл ажиллагаа нь цаг үеэ олжээ. Монгол Улс “нийтийн баялгийг ашиглах гэрээний ил тод байдал”-ыг хангах амлалтыг Нээлттэй засаглалын түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө 2016-2018 –д тусгасан бөгөөд 2019-2021 оны Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөнд уг амлалтыг шинэчлэн оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ОҮИТБС-ын хүрээнд, хоёрдугаар сард Киев-т болсон хуралдааны үеэр тус санаачилгын удирдах хороо гэрээний ил тод байдлын талаар ОҮИТБС-ын шаардлагыг ихээхэн сайжруулахаар шийдсэн байна. Зургаадугаар сард болох ОҮИТБС-ын Даян дэлхийн чуулга уулзалтын үеэр уг шийдвэрийг Удирдах хороо соёрхон баталснаар ОҮИТБС-ын шинэ стандартад 2021 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн шинээр байгуулах буюу олгох, нэмж өөрчлөх бүх гэрээ, тусгай зөвшөөрлийг ил болгохыг хэрэгжүүлэгч улс орнуудаас шаардана. Мөн ОҮИТБС-ын оролцогч талуудыг гэрээ ил тод болгох төлөвлөгөө боловсруулж, зөвшилцөх талаар дурдсан байна.
Сүүлийн үед идэвхтэй өрнөж буй ажил цааш үргэлжилбэл, Монгол Улсын хувьд гэрээг ил тод, нээлттэй болгох цогц ажил амжилтад хүрэх төлөвтэй байна.
Роб Питман нь ББЗХ-ийн засаглалын ажилтан бөгөөд Намхайжанцангийн Дорждарь нь ББЗХ-ийн Монгол Улс дахь менежер юм.
Authors
Robert Pitman
Senior Governance Officer
Dorjdari Namkhaijantsan
Mongolia Manager