Image placeholder

Баялгийн засаглалын индекс 2021: Монгол Улс (Уул уурхай)

  • Briefing

  • 30 June 2021

English »

Танилцуулгыг үзэх »

Монгол Улсын уул уурхайн салбар нь 2021 оны Баялгийн засаглалын индекс (БЗИ)-т авч болох 100 онооноос 70 оноо авсан нь 2017 оны индексийн үнэлгээнээс 6 оноогоор өссөн үзүүлэлт юм. “Үнэ цэнэ хүртэх байдал” болон “Орлогын менежмент”-ийн үнэлгээ “хангалттай” ангилалд эргэлзээгүй багтсан бол “Дэмжигч орчин”-ы хувьд ахиц дэвшил гаргасан байдал нь энэ хэсэгт “сайн” гэсэн үнэлгээ авахад нөлөөлжээ. Гэхдээ голлох зарим асуудлыг тусгайлан анхаарах замаар Монгол Улс баялгийн засаглалаа улам сайжруулах боломж байна.
  • Эрх зүйн орчин болон холбогдох мэдээллийг ил тайлагнах байдалд ухралт гарсны улмаас “Орон нутгийн үр нөлөө”- тэй холбоотой засаглалын үнэлгээ 2017 оны БЗИ-ээс 14 оноогоор буурсан байна.
  • Монгол Улс 2017 оноос хойш харьцангуй цөөн тооны хайгуулын лиценз шинээр олгосон боловч лиценз олгосны дараах үеийн харилцааг зохицуулсан эрх зүйн болон ил тод байдлын шийдэгдээгүй асуудлууд тулгамдсан хэвээр байна. Олборлох салбарын компаниудын ашиг хүртэгч эздийн талаарх мэдээлэл болон гэрээ хэлэлцээрийг нийтлэхийг шаардсан хууль тогтоомж дутагдалтай байна.
  • Монгол Улсын Засгийн газрын цахим шилжилт хийх чиглэлд гаргаж буй ахиц дэвшлээс үүдэн “Нээлттэй өгөгдөл”- ийн дэд хэсэгт өндөр үнэлгээ авсан нь уул уурхайн салбарын голлох өгөгдөл, мэдээллийг авах боломжгүй байсаар байгааг далдалж байна.
  • Монгол Улсын уул уурхайн салбарт, ялангуяа орон нутгийн үр нөлөө, орон нутагт баялгийн орлогыг хуваарилах талаар батлагдсан хууль тогтоомж болон тэдгээрийн хэрэгжилтийн хооронд зөрүүтэй байдал оршин байна.
  • Монгол Улсын Засгийн газар нь олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн төрийн өмчит компани (ТӨК)-аас санхүүгийн хувьд хэт хамааралтай байгаа энэ үед “ТӨК-ийн засаглал”-ын хувьд “хангалтгүй” үнэлгээтэй хэвээр байгаа нь анхаарал татсан асуудал болж байна.

Зөвлөмж:

Баялгийн засаглалын хүрээнд ахиц дэвшлээ үргэлжлүүлэн нэмэгдүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн зүгээс зөвлөж байна. Үүнд:
  1. Монгол Улсын Их хурал, Засгийн газар: Хууль тогтоогчид ашиг хүртэгч эзэд болон гэрээг ил тод болгох асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлд шаардлагатай хууль тогтоомжийг батлах хэрэгтэй. Хууль тогтоогчид хөрөнгийн удирдлагын корпорацыг байгуулах болон санхүүгийн хөрөнгө оруулалт хийх явдлыг хангуулах замаар Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг баталгаажуулах шаардлагатай. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн Засгийн газар уг санг шинэ баялгийн сангийн хэлбэрт оруулах тохиолдолд хууль эрх зүйн зохих орчныг бүрдүүлж, ил тод, эгэх хариуцлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар баялгийн орлогыг зүй бусаар зарцуулах, санхүүгийн буруу менежмент явагдахаас сэргийлэх нь зүйтэй. Уул уурхайн салбарын орлогын зохистой менежментийг бий болгохын тулд төсвийн ердийн журамд цаг алдалгүй эргэн орох, төсвийн дүрмүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай.
  2. Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар: Эдгээр байгууллагууд нээлттэй өгөгдлийн зарчмуудыг баримталж, цахим өгөгдөл ашиглах боломжийг сайжруулах шаардлагатай. Лиценз, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын талаарх мэдээллийг илүү нарийвчлалтай, компьютерт уншуулах боломжтой байдлаар цахим хэлбэрээр нийтлэх нь чухал байна. Өгөгдлийг аль болох уул уурхайн төслийн түвшний нарийвчлалтай нийтэлж, тогтмол шинэчилж байх шаардлагатай.
  3. Эрдэнэс Монгол: Удирдах ажилтнууд нь ил тод байдал, тайлагналыг сайжруулах шаардлагатай. Тус компани вэбсайтаа шинэчилж, шилдэг туршлагуудыг хэрэгжүүлэх замаар жилийн болон санхүүгийн тайлангаа бэлдэж, ил тод мэдээлэх ёстой. Мөн тус компани бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын мэдээлэл, компаниас охин компаниудтайгаа харилцах харилцаа, олсон орлогыг төсвийн шинжтэй зарцуулалтад зориулсан талаар олон нийтэд мэдээлэх нь чухал.
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын газар, орон нутгийн засаг захиргаа: Байгаль орчны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй хяналтын гол байгууллагууд болох эдгээр оролцогч талууд нь компаниудын хамт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй холбоотой мэдээллийг тогтмол шинэчилж, олон нийтэд иж бүрнээр нь мэдээлэх шаардлагатай юм.

2021 оны БЗИ нь баялаг ихтэй 18 улс орон газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын нөөц баялгаа хэрхэн удирдаж байгааг үнэлсэн болно. Индексийн ерөнхий үнэлгээ нь гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнээс хоёр нь олборлох салбарын салшгүй онцлог болох “Үнэ цэнэ хүртэх байдал” болон “Орлогын менежмент”-ийг хэмжиж байгаа бол гуравдахь нь засаглалын ерөнхий нөхцөл байдлыг буюу үйл ажиллагааг “Дэмжигч орчин”-г үнэлж байгаа. Засаглалын энэхүү гурван ерөнхий хэмжүүр нь 14 дэд хэсэг буюу 51 үзүүлэлтээс бүрдэх бөгөөд тэдгээрийг нийт 136 асуултыг нэгтгэх замаар үнэлсэн болно. Индекс болон түүнийг хэрхэн тооцсон талаарх нэмэлт мэдээллийг БЗИ-ийн Аргачлалын баримт-аас авна уу.


Photo: Munkhgerel Batardene for WRI