Image placeholder

Шинээр сан байгуулах нь Монгол Улсын уул уурхайн салбарын шинэчлэлийг сааруулж болзошгүй

English »

Тайлбар: Энэхүү нийтлэл The Mongolian Mining Journal-ийн 2018 оны 6 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн болно

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар төрийн өмчит Эрдэнэс Монгол компанийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулах шинэ “Баялгийн сан” байгуулах хүсэлтэй буйгаа мэдэгдсэн билээ. Уг сан нь Эрдэнэс Монголын охин компаниудаас орж ирэх ногдол ашиг болоод төрийн эзэмшлийн уул уурхайн хөрөнгийн арилжаанаас санхүүжиж, дотооддоо хөрөнгө оруулалт хийхээр байна.
 
Үүнтэй холбоотойгоор тодорхой уул уурхайн компаниудын хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалахаас авхуулаад төрийн өмчит компаниудын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн санал яригдаж байна. Эрдэнэс Монгол компанид харьяалагддаг гуравхан төрийн өмчит компани л гэхэд саяхан хэдэн тэрбум доллараар үнэлэгдсэн гэхээр аргагүй биз.
 
Олон Улсын Валютын Сангаас (мөн манай байгууллага буюу Байгалийн Баялгийн Засаглалын Хүрээлэн) тодорхойлсон баялгийн сан буюу макро эдийн засгийн зорилгоор тодорхой түвшинд гадаадад хөрөнгө оруулалт хийдэг нэгжийн хэлбэрээр бус, Эрдэнэс Монгол компанийн удирдлага дор “стратегийн хөрөнгө оруулалтын сан” байдлаар уг санг байгуулахаар зорьж буй нь дээрх мэдэгдлүүдээс ойлгогдож байна. 
 
Уул уурхайн салбараас Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх сайдын зорилгыг дэмжиж байгаа хэдий ч яригдаж буй уг сан нь зохих шаардлагуудыг хангаж чадахгүй байх магадлалтай. Түүнчлэн шинээр сан байгуулснаар хязгаарлагдмал төсвийн орлогыг боловсрол, эрүүл мэнд зэрэг нэн чухал төрийн үйлчилгээнээс өөр зүгт чиглүүлэх нөхцөл бүрдэж болзошгүй гэж бид үзэж байна.
 
Стратегийн хөгжлийн сан болон хөгжлийн банк гэх мэт хоорондоо ижил төстэй байгууллагууд нь хараат байх, авлигад идэгдэх болоод үр ашиггүй ажиллах тохиолдол элбэг байдаг. Тухайлбал, Хөгжлийн банк олон тооны чанаргүй зээл олгосон нь Монгол Улсын өрийн хэмжээнд нөлөөлөх гол эх үүсвэр болж, улмаар өнгөрсөн жил ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахад хүргэсэн билээ.  
 
Хөгжлийн банкнаас усан цахилгаан станц, орон сууц барих болоод төв халаалтын системийг засварлах зэрэг хэд хэдэн чухал ач холбогдол бүхий хөгжлийн төслүүдийг санхүүжүүлсэн боловч хөрөнгө оруулалтын зарим шийдвэрүүд нь улс төрийн нөлөөтэй байсан. Цаашилбал, тухайн үед алба хашиж байсан гүйцэтгэх захирал нь сонгон шалгаруулалт явуулахгүйгээр зээл баталсан хэргээр баривчлагдсан байдаг.
 
Мөн дээрхтэй ижил анхаарах асуудал нь стратегийн хөгжлийн сангууд олон тохиолдолд парламентын хяналтаас ангид, дотооддоо гэрээ хэлэлцээр хийхдээ худалдан авалтын нийтлэг журмуудыг мөрддөггүй зэрэг шалтгаанаар төрийн санхүүгийн удирдлагын тогтолцоог доройтуулдаг. Жишээлбэл, 10 тэрбум долларын дүнтэй Оросын шууд хөрөнгө оруулалтын сан нь үндсэндээ хөндлөнгийн хяналтгүйгээр дотоодын компаниуддаа хөрөнгө оруулалт хийж, эрх барьж буй тогтолцоог дэмжигчдийг санхүүжүүлэх хариуцлагаас ангид эх үүсвэр болж хувирсан байдаг. Удирдлага нь авлигын хэрэгт оролцсон гэж сэжиглэгдэж байгаа тус сангийн эсрэг одоогоор АНУ эдийн засгийн хориг тавьсан байна.
 
Өнөөдөр Монгол Улсад эрдэс баялгийн нөөцийг удирдах төрийн мэдлийн олон байгууллага бий. Үүнд Эрдэнэс Монгол, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, Төсвийн тогтвортой байдлын сан болон саяхан шинээр байгуулагдсан Ирээдүйн өв сан зэргийн нэрлэж болох бөгөөд эдгээр нь бүгд нэгдсэн төсвөөс санхүүждэг гэж хэлж болно. Төсвийг ийнхүү хуваарилах нь оновчтой байж болох ч нөгөө талдаа эрүүл мэнд, боловсрол болон дэд бүтцэд зарцуулагдах төсөв тэр хэмжээгээр багасна. Шинэ сан ямар бүтэц зохион байгуулалттай байхаас хамаарч нөхцөл байдлыг сайжруулах эсхүл муутгах нөлөө гарч болно.
 
Тиймээс уул уурхайн салбараа дэмжиж зөв удирдахын тулд Монгол Улсын Засгийн газар өөр бусад хувилбаруудыг харгалзан үзэх хэрэгтэй.
 
Нэгдүгээрт, Эрдэнэс Монгол компанийн менежментийг сайжруулах шаардлагатай. Эрдэнэс Монголд харьяалагддаг уул уурхайн компаниуд үйлдвэрлэл болоод үр ашгийн хувьд хувийн уул уурхайн компаниудыг тэр бүр гүйцдэггүй. Тус компани санхүүгийн тайлан зэрэг нэн чухал мэдээллийг анх удаагаа олон нийтэд нээлттэй болгосон нь сайшаалтай боловч дэлхийн хэмжээний уул уурхайн компани болохын тулд цаашид олон шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
 
Хоёрдугаарт, Засгийн газар компаниудтай болон бусад улс орнуудтай уул уурхайн болон давхар татварын гэрээ байгуулахдаа өмнөх алдаагаа давтахаас сэргийлэх хэрэгтэй. Оюу Толгойн зэсийн уурхайг ашиглах гэрээнд саяхан хийсэн дүн шинжилгээгээр уурхайг өргөтгөхөөр төлөвлөснийг эс тооцсон тохиолдолд ч ашгийг шилжүүлэх болон Нидерландтай байгуулсан давхар татварын гэрээг хэрэглэснээс хамаарч одоогийн уурхайг ашиглаж дуусах хүртэл хугацаанд 9.8 тэрбум хүртэл доллартай тэнцэх татварын алдагдлыг Засгийн газар хүлээхээр байна. Иймэрхүү санхүүгийн хэрэгслүүдийн талаар ойлголт сул байснаар төсвийн орлогыг байнга хэт өндрөөр төлөвлөж, улмаар нэгэнт байгуулагдсан сангуудад ч төлөвлөсөн хөрөнгө орж ирээгүйн улмаас анх байгуулагдсан зорилгоо биелүүлж чадахгүйд хүрээд байна.
 
Гуравдугаарт, төсвийн зарцуулалтыг оновчтой болгох болон менежментийг нь сайжруулах замаар Монголын уул уурхайн салбарын орлогын менежментийг сайжруулж болно. Засгийн газраас өнөөдрийн уул уурхай ирээдүй хойч үед үр шимээ өгөх явдлыг баталгаажуулах зорилгоор төсвийн хэд хэдэн дүрмийг тогтоож, хөгжлийн төлөвлөгөөнүүдийг гаргасан ч бодитоор төдийлөн хэрэгжихгүй, цаасан дээр л байна. Төсвийн алдагдал өндөр, дефолт үүсэх аюул нүүрлэсээр байгаа нь Засгийн газрын төсөв тогтворгүй хэвээр байгааг илтгэнэ.
 
Хэрэв Засгийн газар шинээр сан байгуулах бол засаглалын зохистой дүрмүүдийг хуулиар тогтоож өгөхийг зөвлөж байна. Германы Kreditanstalt für Wiederaufbau болон Солонгосын Хөгжлийн банк зэрэг сайн жишээнүүдийн загвараар өмчлөлийн тодорхой бодлого, хууль эрх зүй болоод үйл ажиллагааны хяналтын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Эдгээр байгууллагууд мэргэжлийн уг чадвар, үр дүн, ил тод байдал, хяналт зэргийг өндөр түвшинд хангаж үйл ажиллагаагаа явуулдаг.  
 
Гэхдээ амжилттай ажилласан дээрхийн адил жишээ тун ховор байдаг. Дэлхийн олон улс орны туршлагаас харахад стратегийн хөгжлийн сан болон хөгжлийн банк зэрэг бүтэц нь нэн шаардлагатай салбаруудад хуваарилагдвал зохих төсөв хөрөнгийг өөр зүйлд чиглүүлдэг. Төр засгийн зүгээс шинээр сан байгуулах гэхээсээ илүү Эрдэнэс Монгол, Ирээдүйн өв сан зэрэг нэгэнт оршин буй бүтцүүдийн үйл ажиллагааг сайжруулах нь илүү оновчтой байж болзошгүй.
                                                                                                                                                                            
Эндрю Бауэр нь Байгалийн Баялгийн Засаглалын Хүрээлэнгийн Зөвлөх, Н.Дорждарь нь тус байгууллагын Монгол Улс дахь менежер юм.