Image placeholder

Монголын уул уурхайн төслийн шийдвэр гаргах процессын авлигын эрсдэлийн зохицуулалтын үнэлгээ

Уул уурхайн салбарт гаднын хөрөнгө оруулалтыг татах гол хөшүүрэг нь уул уурхайн төслийн бүх үе шатны үйл явц нь нээлттэй, ил тод, хөрөнгө оруулагчдад хууль, эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлсэн байх явдал юм. Энэ зорилгын хүрээнд уул уурхайн төслийн эхний төлөвлөлтөөс уурхайн хаалт хүртэлх бүх үе шатуудад авлигын эрсдэлийг системтэй судалснаар авлигаас урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй арга хэмжээ авах боломжтой.

Энэхүү судалгааны зорилго нь уул уурхайн үе шатуудад авлигын эрсдэлийн үнэлгээг тодорхой чиглэлүүдээр хүчин төгөлдөр хууль эрх зүйн хүрээнд хийж түүний шалтгаан, эрсдэл, нөхцөлийг судалж, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлоход чиглэсэн болно. Судалгааны зорилгын хүрээнд уул уурхайн салбарын үйл ажиллагааг (1) тусгай зөвшөөрөл, (2) орон нутгийн хамтран ажиллах гэрээ, (3) уулын ажлын төлөвлөгөө, тайлан, (4) байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, тайлан гэсэн чиглэлүүдэд “шийдвэр гаргах процесс”-ыг зураглалаар тодорхойлж түүнд анализ, дүгнэлт хийх замаар үе шат бүрд тулгарч буй авлигын эрсдэлийг тогтоож, холбогдох жишээ, судалгаагаар баяжуулан судлаачдын дүгнэлт, санал, зөвлөмж гаргалаа.

Гол зөвлөмж:

  • Уул уурхайн салбарын хууль, эрх зүйн зохицуулалтад ашиглалт, боловсруулалт, баяжуулалт буюу одоогийн хууль эрх зүйн орчинд нэлээд хэмжээгээр орхигдсон эдгээр үе шатуудыг хамруулах, ялангуяа байгаль орчин, орон нутаг, нутгийн иргэд, мэргэжлийн холбоод, төрийн захиргааны байгууллагатай харьцах талаас нь илүү нарийвчлан зохицуулах шаардлагатай гэж үзэж байна.
  • Орон нутаг өөрийн оролцоо, төлөөлөл, эрх мэдлээ хангах явдлыг Засаг даргаар дамжуулан хийдэг одоогийн практикийг халж иргэдийн төлөөлөл, зөвлөлд эрх мэдлийг шилжүүлэх чиглэлийг барьж шийдвэр гаргах процесс дээр нарийвчилсан зохицуулалтыг хуулийн хүрээнд бий болгох шаардлагатай.
  • Уул уурхайн салбарт хийх эрх зүйн шинэ зохицуулалтын алхмуудад ил тод байдал, олон нийтийн хяналт, цахимжуулалт зэргийг тусгахаас гадна шийдвэр гаргах процесс болон дамжлагад хүний хамаарлыг багасгах, хариуцлагын тогтолцоог шийдвэр гаргалттай уялдуулах зарчмыг барих нь зүйтэй гэж үзэж байна.
  • Эдгээр өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ талуудын эрх тэгш оролцоог хангах тал дээр онцгой анхаарах шаардлагатай. Үүнд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга зэрэг олон талт механизмын үүрэг, цар хүрээг тэлж, салбарын аливаа бодлогын төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг цаг алдалгүй хэрэгжүүлэх боломжийг хангах байдлаар мэдээллийн урсгалыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь авлигын эрсдэлийг бууруулах, арилгах эхний алхам байх болно гэж үзэж байна.
 
Image placeholder

Монгол Улсын Төрийн Өмчит Уул Уурхайн Компаниудын Өрийн Бодлого

English »

Гол мэдээлэл
  • Монгол Улс ашигт малтмалын стратегийн ордуудаа төрийн өмчит компани (ТӨК)-уудаа түшиглэн ашигладаг. “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” болон “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компани нь тус улсын томоохон хэмжээний ордуудыг ашигладаг голлох төрийн өмчит компаниуд юм.
  • 2019-2021 онд уул уурхайн ТӨК-иудын өрийн хэмжээ 4.3 дахин өсжээ. Эдгээр компанийн нийт өр төлбөрийн хэмжээ 2.3 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ий 15%-ийг эзэлж байна. Шинэ өрийг үндсэндээ нийгмийн чанартай зардал болон эдийн засгийн хувьд эргэлзээтэй төмөр замын төсөлд зарцуулах зорилгоор үүсгэсэн. Ихэнх уул уурхайн ТӨК-иудын ашигт ажиллагаа суларч, дийлэнх нь төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болсон энэ үед Засгийн газар эдгээр өрийг хэрхэн төлөх нь тодорхойгүй байна.
  • Уул уурхайн ТӨК-иудын санхүүгийн байдал тааруу байгаа нь төсвөөс гадуурх үйл ажиллагааг санхүүжүүлсэн, төслийн сонголт, менежментийг муу гүйцэтгэсэн, мөн шинэ өр гаргахтай холбоотой хууль тогтоомж, хяналтын механизм хангалтгүй зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.
  • Уул уурхайн ТӨК-иудын өрийн талаарх бүрэн мэдээллийг цуглуулж, ил тод болгох, одоогийн эрх зүйн шаардлагуудын хэрэгжилтийг сайжруулахын зэрэгцээ шинээр өр үүсгэх тухайд эрх зүйн шинэчлэл хийж, Сангийн яамнаас ТӨК-иудад тавих хяналтыг илүү чангатгах шаардлагатай байна.
2021 оны эцсийн байдлаар Монгол Улсын уул уурхайн томоохон 10 ТӨК-ийн нийт өр төлбөр 6.45 их наяд төгрөг (ойролцоогоор 2.3 тэрбум ам.доллар) байсны 26 хувь нь “өр”-ийн ангилалд багтаж байна. Эдгээр компанийн өр төлбөр Монгол Улсын ДНБ-ий 15%-ийг дангаараа эзэлж байгаа бол албан ёсоор зарлагдсан “өр”-ийн хэмжээ ДНБ-ий 4%-ийг эзэлж байна. Дэлхийн бусад улс оронтой харьцуулж үзвэл, бүхий л салбарыг хамарсан ТӨК-иудын өр дунджаар ДНБ-ий 7 орчим хувьтай тэнцүү байдаг. Хэдийгээр ТӨК-ийн өр нь эдийн засгийн хөгжилд үр нөлөөтэй төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүгийн ашигтай эх үүсвэр байж болох ч Монгол Улсын уул уурхайн ТӨК-иудын тавьж буй өр нь эдийн засгийн тогтвортой байдал болон төсвийн тогтвортой байдалд ихээхэн эрсдэл дагуулахаар байна.

Уул уурхайн ТӨК-иудын өрийн хэмжээ 2019 онтой харьцуулахад 4.3 дахин өссөн бол нийт өр төлбөрийн хэмжээ 4.8 дахин их байна. Ийнхүү өссөний хамгийн том шалтгаан нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам болон бусад бүтээн байгуулалтын төслийг санхүүжүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК, тэтгэвэр барьцаалсан зээл болон бусад нөхөн олговор, хөнгөлөлтүүдийг ахмадуудад олгох зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК тус тус бонд гаргасан явдал байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар уул уурхайн ТӨК-иудын ирээдүйд олох ашгийг барьцаалан ТӨК-иудын үйл ажиллагааг сайжруулахад хувь нэмэр болохооргүй байж мэдэх төслүүдэд хөрөнгө гаргуулсан гэсэн үг юм.

Түүнчлэн Монголын төрийн өмчит уул уурхайн компаниудын ашигт ажиллагаа олон улсын жишгээс хамаагүй доогуур төдийгүй нүүрс болон зэсийн үнийн хэлбэлзлээс ихээхэн хамааралтай байдаг. Бидний судалгаанд хамрагдсан төрийн өмчит таван уурхайн гурав нь маш бага ашигтай эсхүл ашиггүй ажиллаж байна. Техник эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, урт хугацааны төрийн өмчит төслүүдийг зээлээр санхүүжүүлэх нь хэрэгтэй мөнгийг муу зүйлд үрэх эрсдэлтэй юм. Ийм өндөр зардалтайн зэрэгцээ дэлхий нийтээр эрчим хүчний шилжилт хийгдэж байгаа энэ үед уул уурхайн ТӨК-иуд өрөө барагдуулж чадах эсэх нь тодорхойгүй байна. Ирээдүйд Засгийн газар төрийн өмчит уул уурхайн компаниудын алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулж, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн шинэчлэл зэрэг нийтэд тустай хөтөлбөрүүдэд зарцуулах төсвийн хөрөнгийг татан авах магадлалтай юм.
Image placeholder

Монголын төрийн өмчит уул уурхайн компаниуд: Шилэн дансны мэдээллийн гүнд

English »

2014 онд батлагдсан Монгол Улсын Шилэн дансны тухай хуулиар төрийн өмчийн байгууллага, аж ахуйн нэгжүүд санхүүгийн болон үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил болгохыг зохицуулсан байдаг. Улмаар Засгийн газрын Шилэн дансны цахим сан үүсэж, төрийн ил тод байдлын төвлөрсөн цэг болоод байна. Гэвч төрийн байгууллага нэгжүүд, түүн дотор Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн өмчит компаниуд (ТӨК)-ын хувьд хуулийг дагаж мөрдөх байдал харьцангуй жигд бус байна. Хууль ийнхүү хангалттай хэрэгжихгүй байгаа нь нэг талаас хэн заавал тайлагнах тухай тус хуульд нэг мөр заагаагүйтэй холбоотой хэдий ч нөгөө талаас хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газар идэвхгүй, хангалтгүй ажилласантай болон хуулийг мөрдөөгүй этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага дутмаг байгаатай холбоотой. 


Энэхүү тайланд уул уурхайн гол ТӨК-уудын Шилэн дансны хүрээнд тайлагнаж буй мэдээллийн нэг төрлийг онцгойлон авч үзсэн. Тухайлбал, цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш (ойролцоогоор 1,750 ам.доллар) үнийн дүн бүхий бүх гүйлгээг нэг бүрчлэн тайлагнах шаардлагатай холбоотой мэдээлэл юм. Хуульд харьцангуй бага үнийн дүнгээр босго тогтоосон нь тайлан гаргаж буй компаниудын бизнесийн үйл ажиллагаанд нарийвчилсан шинжилгээ хийх боломжийг олгож байна. Тиймээс энэхүү шинжилгээгээрээ ТӨК-уудын бизнесийн үйл ажиллагааг ойлгоход тустай баримт нотолгоог гаргаж ирэхийн зэрэгцээ өгөгдөл мэдээллийн хэрэглээг хөхиүлэн дэмжихийг хичээсэн болно. Түүнчлэн тайлагналын үйл явцыг задлан авч үзэж, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг компаниудын хувьд ил тод байдал, олон нийтийн хяналтыг баталгаажуулахын тулд уг үйл явцыг хэрхэн сайжруулах талаар шинжлэв. 

Төрийн өмчит уул уурхайн компаниудын үйлчлүүлдэг банк (Урсгалуудын өргөн нь гүйлгээний үнийн дүнг илэрхийлнэ)

Энэ дарж томруулна уу.


Гол агуулга:

  • Монгол Улсын Шилэн дансны тухай хууль нь олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниудын санхүү болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг урьд өмнө байгаагүй түвшинд дэлгэн харуулж байна.
  • Таван сая төгрөгөөс дээш (ойролцоогоор 1,750 ам.доллар) үнийн дүн бүхий санхүүгийн гүйлгээ бүрийг тайлагнах хуулийн шаардлага нь тэр бүр ил байгаагүй төрийн өмчит уул уурхайн компаниудын ханган нийлүүлэгч болон худалдан авагчдыг тодорхой харуулж байна.
  • Хуулийн дээрх шаардлагын хэрэгжилт сүүлийн хоёр жилийн хугацаанд нэлээдгүй сайжирсан хэдий ч олон томоохон компани өнөөг хүртэл тайлан гаргаагүй, мөн зарим нь мэдээллийг шаардлагатай түвшинд задлан тайлагнахгүй байна.
  • Шилэн дансны тухай хуулийг чанд мөрдөж хэрэгжүүлснээр төрийн өмчит олборлох компаниудын хариуцлага сайжрахаас гадна Монголд төдийгүй дэлхийн бусад оронд ажиллаж буй уул уурхайн компаниуд энэхүү шинэ стандартыг мөрдөхөд дэмжлэг болно.
Уул уурхайн ТӨК-уудын хамгийн том харилцагчид (Гүйлгээний нийт үнийн дүнгээр)

Энэ дарж томруулна уу.
 

Намхайжанцангийн Дорждарь нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер.

Photo by bazarsadbayarsaikhan for Pixabay
 

Image placeholder

Баялгийн засаглалын индекс 2021: Монгол Улс (Уул уурхай)

English »

Танилцуулгыг үзэх »

Монгол Улсын уул уурхайн салбар нь 2021 оны Баялгийн засаглалын индекс (БЗИ)-т авч болох 100 онооноос 70 оноо авсан нь 2017 оны индексийн үнэлгээнээс 6 оноогоор өссөн үзүүлэлт юм. “Үнэ цэнэ хүртэх байдал” болон “Орлогын менежмент”-ийн үнэлгээ “хангалттай” ангилалд эргэлзээгүй багтсан бол “Дэмжигч орчин”-ы хувьд ахиц дэвшил гаргасан байдал нь энэ хэсэгт “сайн” гэсэн үнэлгээ авахад нөлөөлжээ. Гэхдээ голлох зарим асуудлыг тусгайлан анхаарах замаар Монгол Улс баялгийн засаглалаа улам сайжруулах боломж байна.
  • Эрх зүйн орчин болон холбогдох мэдээллийг ил тайлагнах байдалд ухралт гарсны улмаас “Орон нутгийн үр нөлөө”- тэй холбоотой засаглалын үнэлгээ 2017 оны БЗИ-ээс 14 оноогоор буурсан байна.
  • Монгол Улс 2017 оноос хойш харьцангуй цөөн тооны хайгуулын лиценз шинээр олгосон боловч лиценз олгосны дараах үеийн харилцааг зохицуулсан эрх зүйн болон ил тод байдлын шийдэгдээгүй асуудлууд тулгамдсан хэвээр байна. Олборлох салбарын компаниудын ашиг хүртэгч эздийн талаарх мэдээлэл болон гэрээ хэлэлцээрийг нийтлэхийг шаардсан хууль тогтоомж дутагдалтай байна.
  • Монгол Улсын Засгийн газрын цахим шилжилт хийх чиглэлд гаргаж буй ахиц дэвшлээс үүдэн “Нээлттэй өгөгдөл”- ийн дэд хэсэгт өндөр үнэлгээ авсан нь уул уурхайн салбарын голлох өгөгдөл, мэдээллийг авах боломжгүй байсаар байгааг далдалж байна.
  • Монгол Улсын уул уурхайн салбарт, ялангуяа орон нутгийн үр нөлөө, орон нутагт баялгийн орлогыг хуваарилах талаар батлагдсан хууль тогтоомж болон тэдгээрийн хэрэгжилтийн хооронд зөрүүтэй байдал оршин байна.
  • Монгол Улсын Засгийн газар нь олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн төрийн өмчит компани (ТӨК)-аас санхүүгийн хувьд хэт хамааралтай байгаа энэ үед “ТӨК-ийн засаглал”-ын хувьд “хангалтгүй” үнэлгээтэй хэвээр байгаа нь анхаарал татсан асуудал болж байна.

Зөвлөмж:

Баялгийн засаглалын хүрээнд ахиц дэвшлээ үргэлжлүүлэн нэмэгдүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн зүгээс зөвлөж байна. Үүнд:
  1. Монгол Улсын Их хурал, Засгийн газар: Хууль тогтоогчид ашиг хүртэгч эзэд болон гэрээг ил тод болгох асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлд шаардлагатай хууль тогтоомжийг батлах хэрэгтэй. Хууль тогтоогчид хөрөнгийн удирдлагын корпорацыг байгуулах болон санхүүгийн хөрөнгө оруулалт хийх явдлыг хангуулах замаар Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг баталгаажуулах шаардлагатай. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн Засгийн газар уг санг шинэ баялгийн сангийн хэлбэрт оруулах тохиолдолд хууль эрх зүйн зохих орчныг бүрдүүлж, ил тод, эгэх хариуцлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар баялгийн орлогыг зүй бусаар зарцуулах, санхүүгийн буруу менежмент явагдахаас сэргийлэх нь зүйтэй. Уул уурхайн салбарын орлогын зохистой менежментийг бий болгохын тулд төсвийн ердийн журамд цаг алдалгүй эргэн орох, төсвийн дүрмүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай.
  2. Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар: Эдгээр байгууллагууд нээлттэй өгөгдлийн зарчмуудыг баримталж, цахим өгөгдөл ашиглах боломжийг сайжруулах шаардлагатай. Лиценз, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын талаарх мэдээллийг илүү нарийвчлалтай, компьютерт уншуулах боломжтой байдлаар цахим хэлбэрээр нийтлэх нь чухал байна. Өгөгдлийг аль болох уул уурхайн төслийн түвшний нарийвчлалтай нийтэлж, тогтмол шинэчилж байх шаардлагатай.
  3. Эрдэнэс Монгол: Удирдах ажилтнууд нь ил тод байдал, тайлагналыг сайжруулах шаардлагатай. Тус компани вэбсайтаа шинэчилж, шилдэг туршлагуудыг хэрэгжүүлэх замаар жилийн болон санхүүгийн тайлангаа бэлдэж, ил тод мэдээлэх ёстой. Мөн тус компани бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын мэдээлэл, компаниас охин компаниудтайгаа харилцах харилцаа, олсон орлогыг төсвийн шинжтэй зарцуулалтад зориулсан талаар олон нийтэд мэдээлэх нь чухал.
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын газар, орон нутгийн засаг захиргаа: Байгаль орчны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй хяналтын гол байгууллагууд болох эдгээр оролцогч талууд нь компаниудын хамт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй холбоотой мэдээллийг тогтмол шинэчилж, олон нийтэд иж бүрнээр нь мэдээлэх шаардлагатай юм.

2021 оны БЗИ нь баялаг ихтэй 18 улс орон газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын нөөц баялгаа хэрхэн удирдаж байгааг үнэлсэн болно. Индексийн ерөнхий үнэлгээ нь гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнээс хоёр нь олборлох салбарын салшгүй онцлог болох “Үнэ цэнэ хүртэх байдал” болон “Орлогын менежмент”-ийг хэмжиж байгаа бол гуравдахь нь засаглалын ерөнхий нөхцөл байдлыг буюу үйл ажиллагааг “Дэмжигч орчин”-г үнэлж байгаа. Засаглалын энэхүү гурван ерөнхий хэмжүүр нь 14 дэд хэсэг буюу 51 үзүүлэлтээс бүрдэх бөгөөд тэдгээрийг нийт 136 асуултыг нэгтгэх замаар үнэлсэн болно. Индекс болон түүнийг хэрхэн тооцсон талаарх нэмэлт мэдээллийг БЗИ-ийн Аргачлалын баримт-аас авна уу.


Photo: Munkhgerel Batardene for WRI
Image placeholder

Монгол Улс: Коронавирусийн Халдварын Цар Тахал Монгол Улсын Олборлох Салбар Болон Байгалийн Баялгийн Засаглалд Үзүүлж Буй Нөлөөллийн Шинэчилсэн Үнэлгээ

English »

Энэхүү үнэлгээ нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-ээс улс орнуудад дэгдэн буй цар тахал, түүний эдийн засгийн үр нөлөөг хураангуйлсан цуврал тойм мэдээ-ний нэг юм. Уг баримтад агуулагдсан дүн шинжилгээ нөхцөл байдалтай уялдан өөрчлөгдөх тул тухай бүр шинэчилж байх болно.

Гол асуудал

  • Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай бөгөөд эрдсийн бүтээгдэхүүний гол худалдан авагч нь БНХАУ юм. Коронавирусийн халдварын цар тахлын улмаас эрдсийн бүтээгдэхүүний экспорт 2020 оны эхний найман сарын байдлаар 2019 оны мөн үеэс 30 хувиар буурсан.
  • Монгол Улс вирусийн дэгдэлтийн эхэн үед Хятадтай хиллэдэг хилээ хааснаар нүүрсний экспорт буурсан. Хилээ дахин нээснээс хойш тавдугаар сарын байдлаар нүүрсний экспортын хэмжээ өсөж цар тахлын өмнөх үеийн түвшиндээ ойртсон.
  • Аялах болон зорчих хөдөлгөөний хязгаарлалтын улмаас Рио Тинто компанийн Оюу толгой төслийн ихээхэн ач холбогдол бүхий далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа улам сунжрахаар байна.
  • Коронавирусийн халдварын цар тахал болон түүнээс үүдэн бий болж буй эдийн засгийн сорилтууд нь Монгол Улсын Хятадаас хамааралтай байдал болон улсын өрийн түвшин өндөр байгааг улам тод харуулж байна.

Коронавирусийн халдварын цар тахлын эдийн засгийн нөлөөний тойм

Монгол Улсын эдийн засаг цар тахал, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлж буй зорчих хөдөлгөөний хязгаарлалтын улмаас ихээхэн хүндрэх магадлалтай байна. 2020 оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 9.7 хувиар буурсан. 2020 оны эхний найман сарын байдлаар 2019 оны мөн үеэс экспорт 16.9 хувиар, импорт 15.6 хувиар тус тус буурсан байна. Эрдсийн бүтээгдэхүүний гарц 25.5 хувиар буураад байна. Цар тахлын нөлөөнд нэлээн өртөж байгаа бас нэг салбар нь уул уурхайн салбартай нягт холбоотой тээврийн салбар юм. Есдүгээр сард Азийн хөгжлийн банк (АХБ)-аас Монгол Улсын 2020 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг дөрөвдүгээр сард 2.1 хувь гэж тооцсоныг - 2.6 хувь болгон дахин бууруулсан.

Эдийн засгийн гэнэтийн хүндрэлтэй тэмцэх, түүнийг даван туулах Монгол Улсын чадамж хязгаарлагдмал юм. Улсын гадаад өрийн хэмжээ харьцангуй их бөгөөд ойролцоогоор ДНБ-ийн 70 хувийг эзэлж байна. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын бондын эргэн төлөлтийн хугацаа ойртож байна. Хамгийн чухал асуудлуудын нэг бол БНХАУ  болон Монгол Улсын төв банкуудын хооронд хийгдсэн своп хэлцэл бөгөөд энэхүү хэлцлийн хугацаа 2020 онд дуусахаар төлөвлөгдсөн. Наймдугаар сард Монголбанк энэхүү 15 тэрбум юань (2.2 тэрбум ам.долларын дүнтэй зээл) солилцох своп хэлцлийг 2023 он хүртэл сунгасан тухай мэдээлсэн. Монгол Улс Номад нэртэй 5.1 хувийн хүүтэй бонд гаргаж, хугацаа нь дуусаж буй өмнөх бондуудын өрийг төлөхөөр 600 сая ам.доллар босгосон талаар аравдугаар сард мэдээлэв.

Дэлхийн банк* болон АХБ** цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад зээл, буцалтгүй тусламж олгосон. Дэлхийн банк цар тахлын улмаас үүсэж буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд Засгийн газартай нягт хамтран ажиллаж, хариу арга хэмжээ авахад зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Цар тахлын бий болгож буй эдийн засгийн хямрал нь Монгол Улс эрдсийн бүтээгдэхүүний экспорт болон Хятадаас хэт хамааралтай болохыг улам бататган харуулж байна. Гадаад худалдааны хувьд 2019 оны байдлаар Монгол Улсын экспортын 89 хувь, импортын 33 хувийг Хятад бүрдүүлж байна. Хятад нь өөрийн хилийн бүсэд байрлах боловсруулах болон хайлуулах үйлдвэртээ Монголын түүхий эдийг худалдан авдаг гол түнш юм. Монголын говь нутаг дахь уул уурхайн бүсэд эрчим хүч дотоодоосоо нийлүүлэх асуудлаа шийдвэрлээгүй байгаа бөгөөд БНХАУ Монголын уул уурхайн гол төсөл болох Оюу толгойг эрчим хүчээр хангасан хэвээр байна. Хятадад нөхцөл байдал тогтвортой байх нь Монголын уул уурхайн салбар болон эдийн засагт чухал ач холбогдолтой. Засгийн газрын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага үүссэн энэ үед экспортын удаан хугацаанд буурвал Монгол Улсын төлбөрийн тэнцвэр хүндэрч, Төв банкнаас төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд гадаад валютын нөөц болох 3.6 тэрбум ам.долларыг зарцуулж, уг нөөц шавхагдах магадлалтай. Төсвийн алдагдал 1.4 тэрбум ам.доллар хүрч өссөн, энэ нь өрийн дарамтыг нэмэгдүүлж байсан тул Улсын Их Хурал наймдугаар сарын сүүлээр хуралдаж 2020 оны төсвийг тодотгон баталсан.

Газрын тос, байгалийн хийн салбарт үзүүлэх нөлөө

Монгол Улс түүхий газрын тосыг бага хэмжээгээр (жил тутам 6-аас 8 сая баррель) олборлож, түүнийгээ Хятадад экспортолдог. Хилийн хязгаарлалтын улмаас түүхий газрын тосны экспорт буурсан бөгөөд төдийлөн сэргээгүй байна. 2020 оны эхний найман сарын байдлаар Монгол Улс ердөө 1.8 сая баррель газрын тос экспортлоод байгаа нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 50-аас илүү хувиар буурсан байна.

Уул уурхайн салбарт үзүүлэх нөлөө

Экспортын голлох бүтээгдэхүүнүүд нь нүүрс, зэсийн баяжмал бөгөөд эрдсийн бүтээгдэхүүний экспорт 2020 оны эхний найман сарын байдлаар 2019 оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар буурсан байна. Монгол Улс цар тахлын харьцангуй эхэн үед (2020 оны нэгдүгээр сарын сүүлээр) хилээ хаасантай холбогдуулан бусад олон улстай харьцуулахад худалдааны огцом цохилтыг харьцангуй эртнээс мэдрээд байна.

Нүүрсний үнэ тогтвортой хэвээр байна. Эхний улиралд экспортын хэмжээ буурсан гол шалтгаан нь Хятадтай хиллэх хилээ хаасантай холбоотой байсан. Хилээ буцаан нээсэн (Монгол Улсын Засгийн газар  гуравдугаар сарын 23-ны өдөр нүүрсний тээвэрлэлтээ түр хугацаагаар зогсоосон хязгаарлалтыг цуцалсан) хэдий ч хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч нарт тавигдаж буй эрүүл мэндийн хатуу шаардлагууд нь экспортод сөрөг нөлөө үзүүлсэн хэвээр байна. Долоодугаар сарын дунд үе гэхэд Хятадад гаргах нүүрсний тээвэрлэлт цар тахлаас өмнөх үеийн түвшинд ойртсон үзүүлэлттэй гарсан. Гэхдээ нүүрсний нийт экспорт 2020 оны эхний найман сарын байдлаар 2019 оны мөн үетэй харьцуулахад бараг 40 хувиар буурсан.

Монгол, Хятадын засгийн газрууд хэлэлцээр хийж, БНХАУ Монгол Улсаас авах зэсийн баяжмалын экспортоо зогсоохгүй болохыг баталгаажуулсан. Үүнтэй холбогдуулан Оюу толгой болон Эрдэнэт үйлдвэрээс нийлүүлэх зэсийн баяжмалын экспортод их хэмжээний хүндрэл учраагүй (гэхдээ 2020 оны эхний дөрвөн сарын турш зэсийн үнэ буурсан). Барилга байгууламжийн ажилд голлох үүрэг гүйцэтгэдэг гадаадын инженер, менежерүүдийг Монгол Улсад авчрахтай холбоотой бэрхшээлүүд Оюу толгойн удаан хүлээгдсэн далд уурхайн бүтээн байгуулалтын явцыг удаашруулж байна. 

Хятад руу нүүрс болон зэс тээвэрлэж байгаа хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч нар хил дээр вирусийн шинжилгээ хийлгэх үүрэгтэй бөгөөд хэрэв шинжилгээгээр КОВИД-19-ийн халдвар илэрвэл хөл хорионд орох юм. Хэрэв коронавирусийн өвчлөлийн тохиолдол огцом нэмэгдвэл Монгол Улс хилээ дахин хаах магадлалтай. Үүнээс харвал Монголын зэсийн баяжмал болон нүүрсний экспортын зардал дээр нэмээд тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн томоохон хүндрэл бий болох эрсдэл байсаар байна гэсэн үг юм.

Алтны үнийн өсөлттэй холбоотойгоор алт олборлолтод цар тахлын үзүүлэх нөлөө эерэг байхаар харагдаж байгаа бөгөөд Засгийн газраас энэ салбарыг чухалчлан авч үзэж байна. Хэдий чухал ач холбогдолтой ч байгаль орчны стандартыг сахин мөрдүүлэх, Засгийн газрын орлогыг бүрдүүлэхэд эрсдэл үүсгэхгүй байх нь чухал юм. Олборлосон алтны ихэнхийг Монголбанк худалдан авч, дахин боловсруулалтад илгээдэг бөгөөд алтыг гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх эсвэл нээлттэй зах зээлд арилжаалахад ашиглаж байна. Оюу толгой компанийн олборлосон зэсийн баяжмал дахь алтыг Хятадын хайлуулах үйлдвэрт худалддаг. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2020 оны эхний улиралд Монголбанканд худалдсан алтны хэмжээ нэлээд нэмэгдсэн байна. Монголбанкны ерөнхий эдийн засагч үүнийг цар тахлын үед алтны үнэ өссөн эсвэл хил хааснаас алтны хууль бус худалдаа үндсэндээ хумигдсантай холбон тайлбарласан.

Нөхцөл байдал ерөнхийдөө сайжрахгүй удаан үргэлжилбэл уул уурхай, дэд бүтцийн төслүүдэд шинээр оруулах хөрөнгө оруулалтад хүндрэл үүсэхээр байна. Олборлох салбарын зарим төслүүд, тухайлбал Таван толгой болон Оюу толгойн уурхайг Хятадын хилтэй холбох хүнд даацын замыг шинэчлэх эсхүл Таван толгойгоос Хятадын хил хүрэх төмөр замын төслүүдийг хойшлуулахад хүрч магадгүй. Хөрөнгө оруулалтын хомсдол удаан үргэлжлэх нь хөрөнгө оруулагчдыг татах бодлогод өөрчлөлт оруулах шаардлагыг бий болгож, Засгийн газрын хэлэлцээр хийх байр суурийг сулруулж, улмаар шинэ хөрөнгө оруулалтаас олж авах Монгол Улсын орлого, үр ашгийг бууруулах үр дагавартай байж болзошгүй. Мөн Засгийн газрын зүгээс уул уурхайн компаниудын төрийн эзэмшлийг нэмэгдүүлэхийг илүүд үзэж болзошгүй.

2020 оны есдүгээр сарын 3-ны өдөр Засгийн газар болон Оюу толгой ХХК тус компанийн төслийг дотоодоос цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд гарын үсэг зурсан. Засгийн газраас Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн барих цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй. Цахилгаан станц нь Оюу толгой зэрэг гол уул уурхайн төслүүдийг эрчим хүчээр хангах юм. Төслийн зардал ойролцоогоор 500-600 сая ам.доллар гэж урьдчилан тооцоолоод байна. Олон санхүүжүүлэгчид нүүрснээс зайлсхийж байгаа энэ үед Засгийн газар эдгээр санхүүжилтийг босгож чадах эсэх нь эргэлзээтэй байна. Өнөөдрийн байдлаар Оюу толгой компани Хятадаас худалдан авч буй эрчим хүчинд жилд ойролцоогоор 150-200 сая ам.долларыг төлж байна.

Олборлох салбараас олох орлогод үзүүлэх нөлөө

Уул уурхайгаас олох орлого Засгийн газрын орлогын 25 орчим хувийг бүрдүүлж байна. Цар тахлын улмаас эрэлт буурч, үнэ унаснаас шалтгаалан Засгийн газрын орлого  нэлээд хэмжээгээр буурахаар байна. Дээр дурдсанчлан Монгол Улс нь зөвхөн нэг зах зээлд (БНХАУ) нийлүүлэх уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэт хамааралтай. Газрын тосны экспортоос олох орлого харьцангуй бага боловч газрын тосны экспорт болон үнийн бууралт нь Засгийн газрын орлогын хомсдолыг улам даамжруулна.

Байгалийн баялгийн засаглалын асуудалд үзүүлэх нөлөө

Монгол Улс нь газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын хувьд олон улсад сайн засаглалын хэм хэмжээг тогтоодог Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын гишүүн улс билээ. ОҮИТБС-ын хүрээнд тайлан гаргах албан ёсны үйл явц бага зэргийн удаашралтайгаар үргэлжилж байгаа  боловч санаачилгын хүрээнд хийгдэх ёстой шинэчлэлүүд хойшлогдож болзошгүй байна. Шинэчлэл гэдэгт эцсийн өмчлөгчийг ил тод болгох тухай хууль, эрх зүйн үндэс, хэрэгжүүлэх журмыг бий болгох, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ил тод байдлыг хангах, олон нийтийн зөвлөлдөх, оролцох боломжийг хангах, баталгаажуулах зэрэг асуудлууд хамаарна.

Монгол Улсын Их Хурал Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлаад удаагүй байна. Тус хууль нь иргэний нийгмийн байгууллага үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулахад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Тухайлбал, тус хуулиар хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд хяналт тавих, хязгаарлах, хувь хүн, хуулийн этгээдэд олж авсан мэдээллээ эрх бүхий байгууллагад ил тод болгохыг үүрэгжүүлсэн байна. Мөн Засгийн газраас эдийн засгийн арга хэмжээ авахад зориулж төсвийн хэвийн журмыг түр зогсоож, арга хэмжээтэй холбогдсон асуудлаар үүсэх аливаа маргааныг иргэний нийгэм, хувь хүмүүсийн хувьд хугацаа шаардсан, зардал их хэлбэрээр зөвхөн шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр тус тус заасан.

Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020 оны зургаадугаар сарын 24-ны өдөр зохион байгуулагдаж, эрх баригч Монгол Ардын Нам дийлэнх олонхын санал авч, намын дарга нь ерөнхий сайдаар дөрвөн жилийн хугацаатай улиран сонгогдлоо. Тэрээр өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх бөгөөд үүнд Монгол Улсын баялгийн сангийн тухай хууль батлах зэрэг олборлох салбарын засаглалын асуудлууд багтсан.

Цаашдын таамаглал

Монгол Улсын өр, Засгийн газраас зарласан эдийн засгийг сэргээх хөтөлбөр болон коронавирусийн халдварын цар тахлын улмаас Хятадад гаргах нүүрс болон зэсийн экспортын тодорхойгүй байдал нь Засгийн газраас санхүүгийн тогтвортой байдлаа нухацтай хянахыг шаардаж байна.

Төсвийн дүрэм буюу тусгай шаардлагуудыг дахин биелүүлж эхлэх, их хэмжээний хөрөнгийн зардал, ялангуяа олборлох салбарт хэрэгжүүлж буй төслүүд, төрийн өмчит компаниудад тавих хяналтыг чангатгах нь чухал байна. Орлогыг удирдахад төрийн өмчит компаниудын гүйцэтгэж буй үүргийг ил тод болгох зэрэг уул уурхайн орлогын сайн менежмент чухал хэвээр байна. Авлигын эрсдэлийг тооцоолж, олборлох салбарын томоохон төслүүдийг ил тод, нээлттэй байлгаж, илүү сайн хяналтыг хэрэгжүүлэх нь чухал нөлөөтэй.

*Дэлхийн банкнаас эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлэхэд зориулж КОВИД-19-ийн яаралтай тусламжийн сангаас 26.9 сая ам.долларын санхүүжилтийг олгосон. Мөн Цахим эрүүл мэнд төслөөс 2.2 сая ам.долларыг эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгооны тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулан хуваарилж, Европын Холбооноос санхүүжилттэй КОВИД-19-ийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн Засаглалыг бэхжүүлэх төслөөс 750 мянган ам.долларыг тус тус дахин хуваарилсан байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээг дэмжих зорилгоор 15 сая ам.доллар тусламж үзүүлнэ. Онцгой байдлын үеийн дэмжлэг ба хөдөлмөр эрхлэлтийн төслийн хүрээнд 20 сая ам.долларыг ажил олгогчдод түр хугацааны дэмжлэг үзүүлэх зорилгоор санхүүжүүлж байна. Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд 5 сая ам.долларыг Хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн хөтөлбөрт зориулан санхүүжүүлнэ. Цар тахлын онцгой байдлын сангаас 1 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн.

**АХБ-аас коронавирусийн цар тахлын эсрэг Монгол Улсын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 1.5 сая ам. долларын буцалтгүй тусламжийг нэмж олгохоор шийдвэрлэсэн. Коронавирусийн цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөрийн төслийн хүрээнд 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгоно.

Шинжээчийн тухай

Намхайжанцангийн Дорждарь нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер юм.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь бодлогын судалгаа хийх, чадавх хөгжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг дэмжих замаар тухайн улс орны иргэд газрын тос, байгалийн хий, уул уурхайн баялгийнхаа үр шимийг хүртэхэд туслалцаа үзүүлдэг олон улсын хараат бус, ашгийн бус байгууллага юм. Нэмэлт мэдээллийг www.resourcegovernance.org вэбсайтаас авна уу.


Image placeholder

Монгол Улс: Коронавирусийн Халдварын Цар Тахал Монгол Улсын Олборлох Салбар Болон Байгалийн Баялгийн Засаглалын Асуудалд Үзүүлж Буй Нөлөөллийн Эхний Үнэлгээ

English »

Энэхүү баримт нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-ээс улс орнуудад өрнөж буй цар тахал, түүний эдийн засгийн үр нөлөөг хураангуйлсан цуврал тойм мэдээний нэг юм. Уг баримтад агуулагдсан дүн шинжилгээ нөхцөл байдалтай уялдан өөрчлөгдөх тул тухай бүр шинэчилж байх болно.

Гол асуудлууд

  • Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай бөгөөд эрдсийн бүтээгдэхүүний гол худалдан авагч нь БНХАУ юм. Коронавирусийн халдварын цар тахлын улмаас эрдсийн бүтээгдэхүүний экспорт 2020 оны эхний улиралд 2019 оны мөн үеэс 40 хувиар буурсан.
  • Монгол Улс вирусийн дэгдэлтийн эхэн үед Хятадтай хиллэдэг хилээ хааснаар нүүрсний экспорт буурсан. Хилээ дахин нээснээс хойш тавдугаар сарын байдлаар нүүрсний экспортын хэмжээ өсч цар тахлын өмнөх үеийн түвшиндээ ойртсон.
  • Зорчих хөдөлгөөний хязгаарлалтын улмаас Рио Тинто компанийн Оюу толгой төслийн ихээхэн ач холбогдол бүхий далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа улам сунжрахаар байна.
  • Коронавирусийн халдварын цар тахал болон түүнээс үүдэн бий болж буй эдийн засгийн сорилтууд нь Монгол Улсын Хятадаас хамааралтай байдал болон улсын өрийн түвшин өндөр байгааг тодотгож байна.  

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН НӨЛӨӨНИЙ ТОЙМ

Монгол Улсын эдийн засаг цар тахал, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлж буй зорчих хөдөлгөөний хязгаарлалтын улмаас ихээхэн хүндрэх магадлалтай байна. 2020 оны нэгдүгээр улиралд 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10.7 хувиар, экспорт 41.5 хувиар, импорт 9.7 хувиар тус тус буурсан байна. Эрдсийн бүтээгдэхүүний гарц бараг 30 хувиаар буураад байна. Цар тахлын нөлөөнд нэлээн өртөж байгаа бас нэг салбар нь уул уурхайн салбартай нягт холбоотой тээврийн салбар юм. Азийн хөгжлийн банк (АХБ)-аас саяхан Монгол Улсын 2020 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 6.1 хувиас 2.1 хувь болгон бууруулсан. Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг анх 5.4 хувь гэж тодорхойлж байснаа бууруулж, 2020 онд хасах 1 хувийн өсөлттэй байна хэмээн таамаглаж буйгаа илэрхийлсэн.   
 
Монгол Улс эдийн засгийн гэнэтийн хүндрэлтэй тэмцэх, түүнийг даван туулах хязгаарлагдмал чадамжтай. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ харьцангуй их бөгөөд ойролцоогоор ДНБ-ийн 70 хувийг эзэлж байна. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын бондын эргэн төлөлтийн хугацаа ойртож байна. Хамгийн чухал асуудлуудын нэг бол БНХАУ  болон Монгол Улсын төв банкуудын хооронд хийгдсэн своп хэлцэл бөгөөд энэхүү хэлцлийн дагуу Монгол Улсад 2 тэрбум ам.долларын өр үүсээд байгаа юм. Эдийн засгийн уналтын энэ үед энэхүү хэлцлийн хугацааг сунгах тохиролцоонд хүрч чадахгүй бол Монгол Улс Хятадтай цаашид хэлэлцээр хийхэд бэрхшээл үүсч, өрийг эргэн төлөхөд олборлох салбарын орлогыг зориулах шаардлага бий болохоор байна.
 
Дэлхийн банк* болон АХБ** цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад зээл, буцалтгүй тусламж олгосон. Мөн Дэлхийн банк 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад 5.1 их наяд төгрөгийн (1.8 тэрбум ам.доллар)  эдийн засгийг сэргээх хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Цар тахлын бий болгож буй эдийн засгийн хямрал нь Монгол Улс эрдсийн бүтээгдэхүүний экспорт болон Хятадаас хэт хамааралтай болохыг улам бататган харуулж байна. Гадаад худалдааны хувьд 2019 оны байдлаар Монгол Улсын экспортын 89 хувь, импортын 33 хувийг Хятад бүрдүүлж байна. Хятад нь өөрийн хилийн бүсэд байрлах боловсруулах болон хайлуулах үйлдвэртээ Монголын түүхий эдийг худалдан авдаг гол түнш юм. Монголын говь дахь уул уурхайн бусэд эрчим хүч дотоодоосоо нийлүүлэх асуудлаа шийдвэрлээгүй байгаа бөгөөд БНХАУ Монголын уул уурхайн гол төсөл болох Оюу толгойд эрчим хүч нийлүүлсэн хэвээр байна. Хятадад нөхцөл байдал тогтворжих нь Монголын уул уурхайн салбар болон эдийн засагт чухал ач холбогдолтой. Засгийн газрын эдийн засгийг сэргээх хөтөлбөртэй холбогдсон экспортын бууралт удаан үргэлжилбэл Монгол Улсын төлбөрийн тэнцвэр хүндэрч, Төв банкнаас төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд гадаад валютын нөөц 4 тэрбум ам.доллар шавхагдах магадлалтай байна. 

ГАЗРЫН ТОС, БАЙГАЛИЙН ХИЙН САЛБАРТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Монгол Улс түүхий газрын тосыг бага хэмжээгээр (жил тутам 6-аас 8 сая баррел) олборлож, түүнийгээ Хятадад экспортолдог. Хилийн хязгаарлалтын улмаас түүхий газрын тосны экспорт буурсан бөгөөд энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл дахин сайжрахгүй байх төлөвтэй байна. 2020 оны эхний гурван сарын байдлаар Монгол Улс ердөө 322 мянган баррел газрын тос экспортлоод байгаа нь 2019 оны мөн үеийн экспортын ойролцоогоор 20 хувьтай тэнцэж байна. 

УУЛ УУРХАЙН САЛБАРТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Экспортын голлох бүтээгдэхүүнүүд нь нүүрс, зэсийн баяжмал бөгөөд эрдсийн бүтээгдэхүүний экспорт 2020 оны эхний улиралд 2019 оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар буурсан байна. Монгол Улс цар тахлын харьцангуй эхэн үед (2020 оны нэгдүгээр сарын сүүлээр) хилээ хаасантай холбогдуулан бусад олон улстай харьцуулахад худалдааны гэнэтийн цохилтыг харьцангуй эртнээс мэдрээд байна.
 
Нүүрсний үнэ тогтвортой хэвээр байна. Эхний улиралд экспортын хэмжээ буурсан гол шалтгаан нь Хятадтай хиллэх хилээ хаасантай холбоотой байсан. Хилээ буцаан нээсэн (Монгол Улсын Засгийн газар  гуравдугаар сарын 23-ны өдөр нүүрсний тээвэрлэлтээ түр хугацаагаар зогсоосон хязгаарлалтыг цуцалсан) хэдий ч хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч нарт хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн хатуу шаардлагууд нь экспортод сөрөг нөлөө үзүүлсэн хэвээр байна. Гэхдээ тавдугаар сарын дунд үеийн байдлаар Хятадад гаргах нүүрсний тээвэрлэлт цар тахлаас өмнөх үеийн түвшинд ойртсон үзүүлэлттэй гарсан.
 
Монгол, Хятадын засгийн газрууд хэлэлцээр хийж, БНХАУ Монгол Улсаас авах зэсийн баяжмалын экспортоо зогсоохгүй болохыг харилцан баталгаажуулсан. Үүнтэй холбогдуулан Оюу толгой болон Эрдэнэт үйлдвэрээс нийлүүлэх зэсийн баяжмалын экспортод их хэмжээний хүндрэл учраагүй (гэхдээ 2020 оны эхний дөрвөн сарын турш зэсийн үнэ буурсан). Барилга байгууламжийн ажилд голлох үүрэг гүйцэтгэдэг гадаадын инженер, менежерүүдийг Монгол Улсад авчрахтай холбогдсон бэрхшээлүүд Оюу толгойн удаан хүлээгдсэн далд уурхайн бүтээн байгуулалтын явцыг удаашруулж байна. 
 
Хятад руу нүүрс болон зэс тээвэрлэж байгаа хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч нар хил дээр вирусийн шинжилгээ хийлгэх үүрэгтэй бөгөөд хэрэв шинжилгээгээр КОВИД-19-ийн халдвар илэрвэл хөл хорионд орох юм. Хэрэв коронавирусийн өвчлөлийн тохиолдол огцом нэмэгдвэл Монгол Улс хилээ дахин хаах магадлалтай. Үүнээс харвал Монголын зэсийн баяжмал болон нүүрсний экспортын зардал дээр нэмээд тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн томоохон хүндрэл бий болох эрсдэл байсаар байна гэсэн үг юм.
 
Алтны үнийн өсөлттэй холбоотойгоор алт олборлолтод цар тахлын үзүүлэх нөлөө эерэг байхаар харагдаж байгаа бөгөөд Засгийн газраас энэ салбарыг чухалчилан авч үзэхээр байгаа. Гэсэн хэдий ч байгаль орчны стандарт болон Засгийн газрын орлогын хэмжээг эрсдэлд оруулахгүй байх нь чухал юм. Ихэнх олборлосон алтыг Монголбанк худалдан авч, худалдан авсан алтаа гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх эсвэл нээлттэй зах зээлд арилжаалах зорилгоор дахин боловсруулалтанд илгээдэг. Оюу толгой компанийн олборлосон алтыг зэсийн баяжмалын хамт Хятадын хайлуулах үйлдвэрт худалддаг. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2020 оны эхний улиралд Монголбанкинд худалдсан алтны хэмжээ нэлээд нэмэгдсэн байна. Монголбанкны ерөнхий эдийн засагч үүнийг цар тахлын үед алтны үнэ өссөн эсвэл хил хааснаас алтны хууль бус худалдаа үндсэндээ боломжгүй болсонтой холбоотой гэж тайлбарласан.
 
Ерөнхийдөө нөхцөл байдал сайжрахгүй хэвээр үргэлжилбэл уул уурхай, дэд бүтцийн төслүүдэд шинээр оруулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд хүндрэл үүсэхээр байна. Олборлох салбарын зарим төслүүд, тухайлбал Таван толгой болон Оюу толгойн уурхайг Хятадын хилтэй холбох хүнд даацын замыг шинэчлэх эсхүл Таван толгойгоос Хятадын хил хүртэлх төмөр замын төслүүдийг хойшлуулахад хүрч магадгүй. Хөрөнгө оруулалтын бууралт удаан үргэлжлэх нь хөрөнгө оруулагчдыг татах бодлогод өөрчлөлт оруулах шаардлагыг бий болгож, Засгийн газрын хэлэлцээр хийх чадварыг бууруулж, улмаар шинэ хөрөнгө оруулалтаас олж авах Монгол Улсын орлого, үр ашгийг бууруулах үр дагавартай байж болзошгүй. Мөн Засгийн газрын зүгээс уул уурхайн компаниудын төрийн эзэмшлийг нэмэгдүүлэхийг илүү үзэж болзошгүй.
 
Засгийн газраас Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн барих цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөг саяхан танилцуулсан. Цахилгаан станц нь Оюу толгой зэрэг гол уул уурхайн төслүүдийг эрчим хүчээр хангана. Төслийн зардал ойролцоогоор 500-600 сая ам.доллар гэж урьдчилан тооцоолоод байна. Олон санхүүжүүлэгчид нүүрснээс зайлсхийж байгаа энэ үед Засгийн газар эдгээр санхүүжилтийг босгож чадах эсэх нь эргэлзээтэй байна. Өнөөдрийн байдлаар Оюу толгой компани Хятадаас худалдан авч буй эрчим хүчинд жилд ойролцоогоор 150-200 сая ам.долларыг төлж байна.

ОЛБОРЛОХ САЛБАРААС ОЛОХ ОРЛОГОД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Уул уурхайгаас олох орлого Засгийн газрын орлогын 25 орчим хувийг бүрдүүлж байна. Цар тахлын улмаас эрэлт буурч, үнэ унаснаас шалтгаалан Засгийн газрын орлого  нэлээд хэмжээгээр буурахаар байна. Дээр дурдсанчлан Монгол Улс нь зөвхөн нэг зах зээлд (БНХАУ) нийлүүлэх уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэт хамааралтай. Газрын тосны экспортоос олох орлого харьцангуй бага боловч газрын тосны экспорт болон үнийн бууралт нь Засгийн газрын орлогын хомсдолыг улам нэмэгдүүлнэ.

БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ЗАСАГЛАЛЫН АСУУДАЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Монгол Улс нь газрын тос, байгалийн хий, ашигт малтмалын талаарх дэлхий дахины сайн засаглалын хэм хэмжээг тогтоодог Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (ОҮИТБС)-ын гишүүн улс билээ. ОҮИТБС-ын албан ёсны үйл явц бага зэргийн удаашралтайгаар үргэлжлэх боловч санаачилгын хүрээнд төлөвлөсөн шинэчлэл хойшлогдож болзошгүй байна. Шинэчлэл гэдэгт эцсийн өмчлөгчийг ил тод болгох тухай хууль, эрх зүйн үндэс, хэрэгжүүлэх журмыг бий болгох, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ил тод байдлыг хангах, олон нийтийн зөвлөгөөн, оролцооны боломжийг хангах, баталгаажуулах зэрэг асуудлууд хамаарна.
 
Монгол Улсын Их Хурал Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлаад удаагүй байна. Тус хууль нь иргэний нийгмийн байгууллага үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулахад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Тухайлбал, тус хуулиар хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд хяналт тавих, хязгаарлах, хувь хүн, хуулийн этгээдэд олж авсан мэдээллээ эрх бүхий байгууллагад ил тод болгохыг үүрэгжүүлсэн байна. Мөн Засгийн газраас эдийн засгийн арга хэмжээ авахад зориулж төсвийн хэвийн журмыг түр зогсоож, арга хэмжээтэй холбогдсон асуудлаар үүсэх аливаа маргааныг иргэний нийгэм, хувь хүмүүсийн хувьд хугацаа шаардсан, зардал их хэлбэрээр зөвхөн шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр тус тус заасан.

ЦААШДЫН ТААМАГЛАЛ

Монгол Улсын өр, Засгийн газраас зарласан эдийн засгийг сэргээх хөтөлбөр болон коронавирусийн халдварын цар тахлын улмаас Хятадад гаргах нүүрс болон зэсийн экспортын тодорхойгүй байдал нь Засгийн газраас санхүүгийн тогтвортой байдлаа илүү анхааралтайгаар хянахыг шаардаж байна. Монгол Улс Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн хугацааг амжилттай сунгаж чадах эсэх, Хятадад гаргах нүүрс болон зэсийн экспортыг тогтвортой, тасалдалгүйгээр үргэлжлүүлж чадах эсэх нь Монголын хувьд чухал ач холбогдолтой асуудал болоод байна.
 
Санхүүгийн дүрэм журамд нийцүүлэх, их хэмжээний хөрөнгийн зардал, ялангуяа олборлох салбарт хэрэгжүүлж буй төслүүд, төрийн өмчит компаниудад тавих хяналтыг чангатгах нь чухал байна. Орлогын менежмент дэх төрийн өмчит компаниудын хүлээж буй үүргийг ил тод болгох зэрэг уул уурхайн орлогын сайн менежмент нь чухал хэвээр байна. Авлигын эрсдлийг тооцоолж, олборлох салбарын томоохон төслүүдийг ил тод, нээлттэй байлгаж, илүү сайн хяналтыг хэрэгжүүлэх нь мөн чухал нөлөөтэй.

* Дэлхийн банкнаас эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлэхэд зориулж КОВИД-19-ийн яаралтай тусламжийн сангаас 26.9 сая ам.долларын санхүүжилтийг олгосон. Мөн Цахим эрүүл мэнд төслөөс 2.2 сая ам.долларыг эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгооны тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулан хуваарилж, Европын Холбооноос санхүүжилттэй КОВИД-19-ийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн Засаглалыг бэхжүүлэх төслөөс 750 мянган ам.долларыг тус тус дахин хуваарилсан байна.
** АХБ-аас коронавирусийн халдварт өвчинтэй тэмцэхэд зориулж Монгол Улсад 1 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, коронавирусийн цар тахлын үеийн бэлэн байдлыг сайжруулахад зориулж Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх төслөөс 1.4 сая ам.долларын дахин хуваарилалт хийсэн. Энэхүү санжүүжилтийн арга хэмжээнд мөн 225 мянган ам.долларын техник туслалцааны төсөл багтаж байна.

Намхайжанцангийн Дорждарь нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер.
Image placeholder

Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ

English »

Стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор 2006 онд Эрдэнэс Монгол компанийг төр засгаас холдинг компани хэлбэрээр байгуулсан байдаг. Тэр цагаас хойш тус компани зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй ашигт малтмалын боловсруулалт, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, зам харилцаа, хил нэвтрүүлэх байгууламж, зочид буудал, ресторан, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, худалдааны дэмжлэг, хөрөнгийн менежмент зэрэг салбарт ашиг сонирхолтой цогцолбор компани болжээ.

Энэхүү тайланд Эрдэнэс Монгол компанийн сүүлийн үеийн хазааргүй өргөжин тэлэлтийг судалж, төр болон Монголын ард иргэдийн эрх ашигт нийцэх байдлыг тусгав. Нэн ялангуяа охин болон хамтарсан компаниудын хувьд ашигт ажиллагаа хангалтгүй байгаа болон цаашид хэрхэн сайжруулж болох талаар хэлэлцэнэ. Тайлангийн төгсгөлийн хэсэгт шинэ хууль тогтоомж зэрэг хэд хэдэн бодлогын сонголт, охин компаниудын хяналтыг сайжруулах, төсөл тус бүрээр зах зээлийн үнэлгээ хийх, төлөөлөн удирдах зөвлөл болон дээд түвшний менежерийн томилгооны шалгуур, ил тод байдлыг нэмэгдүүлэх талаар авч үзнэ.

Image placeholder

Бодлогын хураангуй: Монгол Улсын газрын тос, уул уурхайн ил болоогүй гэрээнүүд

English »

Байгалийн баялгийн төслүүдийн эрх зүйн хүрээний чухал хэсгийг Монгол Улсын Засгийн газрын уул уурхай, газрын тосны компаниудтай байгуулсан гэрээ, тэдгээрийг дагалдах баримт бичгүүд бүрдүүлдэг. Эдгээр суурь баримт бичгийг ил болгож нийтлэх нь засгийн газар, компаниудын хувьд олборлох үйлдвэрлэлийн төслүүдийн талаарх олон нийтийн итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх боломжийг олгоод зогсохгүй Монгол Улсын ДНБ-ий тавны нэгийг бүрдүүлэгч эдийн засгийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа хариуцлагатай, тогтвортой байдлыг бий болгох юм. Энэхүү хураангуйд Монгол Улс байгалийн баялгийн гэрээнүүдээ яагаад нийтлэх ёстойг тайлбарлаж, олборлох салбарт байгуулагдсан, нийтэд ил болгох шаардлагатай гэрээнүүдийг танилцуулахын зэрэгцээ байгалийн баялгийн гэрээний ил тод байдлыг бодитойгоор хангах арга замуудыг санал болгоно.
Image placeholder

Монгол Улсын Төсвийн Тогтвортой Байдал 2018

English »

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн болон Гэрэгэ Партнерс компани хамтран “Монгол улсын төсвийн тогтвортой байдал” тайланг 2017 оноос эхлэн гаргаж байна.

Энэ оны тайлан нь өмнөх тайлангаас илүү өргөн хүрээг хамарна. Тухайлбал:

- Төсвийн зардлыг засгийн газрын гол үйл ажиллагаа болон бүс нутгийн ангиллаар судалж, түгээмэл болон онцгой шинж чанаруудыг тодорхойлсон;
- Төсвийн орлогын гол эх үүсвэр болох уул уурхайн салбараас төсөвт төвлөрөх орлогыг шинжилсэн;
- Өмнөх тайланд тусгагдсан мэдээллийг шинэчлэх болон ӨСХ-ийн хэрэгжилтийг тоймлон авч үзсэн.

Энэхүү тайланд мөн өмнөх жилийн МММ загварын тоон өгөгдлийг 2017 оных болгон шинэчилж, ОУВС-ийн дунд хугацааны төсөөлөлд нийцүүлж “суурь төсөөлөл”-ийг дахин үнэлсэн үр дүнг танилцуулж байна. Мөн урьдын адил энэхүү суурь төсөөлөлд нөлөөлж болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлж, заримын нөлөөг судлан үр дүнг нь орууллаа. Түүнчлэн эдгээр чиг хандлага төсвийн тогтвортой байдлын зорилтуудад хэр нийцтэй байгааг болон Монгол Улсын төсвийн дүрмүүд хэрхэн мөрдөгдөж байгааг үнэлсэн болно.

Image placeholder

Улс төрийн намууд ба байгалийн баялгийн засаглал

English » | Español » | မြန်မာ »

Байгалийн баялаг ихтэй улс оронд “баялгийн хараал” хэмээх өвөрмөц сорилт тулгардаг бөгөөд түүнийг тойрч гарахад улс төрийн намууд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Байгалийн баялгийг ил тод, хариуцлагатай, улс орныхоо урт хугацааны ашиг сонирхолд нийцүүлэн удирдахад намуудыг тодорхой бодлого, байр суурь чиглүүлэх болно.

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ) болон Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс (ББЗХ) “Улс төрийн намууд ба байгалийн баялгийн засаглал: баялгийн талаарх бодлогын байр сууриа тодорхойлох практик удирдамж” гарын авлагыг бэлтгэн гаргасныг ийнхүү монгол хэлэнд хөрвүүлэн толилуулж байна.

Гарын авлагын зорилго нь баялгийн засаглалын үйл явцад улс төрийн намууд ямар үүрэгтэй оролцож ирсэн болоод цаашид хэрхэн оролцож болохыг судлах, түүнчлэн эл асуудлаар тодорхой бодлогын чиглэлүүдийг боловсруулахаар зорьж буй улс төрийн намуудад туслах явдал юм. Уг гарын авлагыг боловсруулахад Гана улсад 2015-2016 онд улс төрийн намууд байгалийн баялгийн засаглалын бодлогоо боловсруулсан туршлага, мөн зургаан улсын кэйс судалгаа болоод намуудын бодлого боловсруулалт болон баялгийн засаглалын сайн туршлагаас судлан ашигласан болно.